Monday, June 4, 2012

Судалгаа шинжилгээний ажил

Судалгаа шинжилгээний ажлын тухай товч ойлголт
Судалгаа шинжилгээний ажил гэдэг нь янз бүрийн хүчин зүйл (фактор)-ээс хамааран судалж байгаа зүйл(объект-ийн өөрчлөгдөх зүй тогтлыг илрүүлж тэрхүү зүй тогтлыг цаашид  амьдрал практикт ашиглаж болох  зорилго бүхий үйл ажилллагаа юм. 
Судалгаа шинжилгээний ажил нь тавьсан зорилт түүнийг шийдвэрлэх арга үр дүнг хэрэглэх салбараас хамаарч онолын,онол-туршилтын,туршилтын,суурь,хавсрал,тухайн,иж бүрэн гэж ангилагдана.
Онолын судалгаа гэдэг нь судалж байгаа зүйлийг математик юмуу төсөөлөн бодох (логик) аргаар судлахад үндэслэгддэг. Онолын судалгааны мөн чанар нь аливаа үзэгдэл,юмсын хувирч өөрчлөгдөх механизм, байгаа байдал (природа)-ыг нийгэм, эдийн засаг байгалийн хуулиудад тулгуурлан тайлбарлах ,уг үзэгдэл юмсын тухай  маш тодорхой ойлголттой болж шинэ үзэгдэл юмсын мөн чанарыг урьдчилан хэлж  чаддаг болоход оршино.
Онол туршилтын судалгаа гэдэг нь онолын хувьд судалсан зүйлээ  практик дээр туршин шалгаж  өөрөөр хэлбэл онолын судалгааны  үр дүнг бодит загвар биет байдал дээр шалган туршиж үнэмшил бий болгох явдал мөн. Энэ нь онолын судалгааны үр дүн  практикаар нотлогдож буй хэрэг юм.
Туршилтын судалгаа гэдэг нь ЭШ-ний байгууллага, их дээд сургууль, үйлдвэр завод, газар тариалан, мал аж ахуйн нөхцөлд биет байдал юмуу  тодорхой загвар дээр  хийх судалгаа юм. Туршилтын судалгааны зорилго нь бодит биет зүйлийг танин мэдэх онолын төсөөлөл  бий болгох ,байгаа байдлыг үнэн мөнөөр нь ялган батлахад чиглэдэг. Аливаа судалгааны ажил туршилтын судалгаагаар ихэвчлэн эхэлдэг. Туршилтын судлагааны явцад нэг зүйлийг олон дахин хэмжих туршилтыг дахин  давтан хийхэд үзэгдэл юмсын мөн чанар танигдаж  түүнд үнэн зөв тайлбар өгөх, үр дүнг математик статистикийн аргаар батлах улмаар зохимжот болон оновчтой хэмжээг тодорхойлж  тогтоох чадвар эзэмшинэ.
Суурь судалгаа: Энэ нь зарчмын хувьд шинэ хууль нээх асуудал (проблем) шийдвэрлэх ,онол бий болгоход чиглэнэ. Суурь судалгаа нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хамгийн гол, ирээдүйтэй чиглэлийг тодорхойлж өгдөг онцлогтой.
Хавсрал судалгаа: Үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, технологийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, үр дүнг дээшлүүлэх зорилгоор тодорхой салбарт хийгдэх судалгааны ажил юм. Хавсрал судалгаа нь онолын судалгааны үндсэнд хийгдэж байдаг.
Тухайн (хэсэгчилсэн) судалгаа  Энэ нь нэг юмуу хэд хэдэн хоорондоо ижил төсөөтэй объектыг судлахад чиглэнэ. Энэ судалгааны үр дүн нь цаг уур байгаль орчны болон бодит байдлыг үнэн мөнөөр нь тайлбарлах ингэснээр иж бүрэн судалгааны салшгүй хэсэг болох ёстой.
Иж бүрэн судалгаа: Аливаа үзэгдэл юмс, байгаль орчин зэрэг бүх төрлийн объектийг тал талаас нь  судалгааны янз бүрийн арга, багаж төхөөрөмж  хэрэглэж судлах явдал юм. Аливаа нэг бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмжийг сайжруулах нөхцөл нь түүхий эдийн чанар, боловсруулах технологи, тоног төхөөрөмжийн шинж байдал боловсруулалтанд  хэрэглэх химийн бодис, боловсруулж байгаа хүний ажлын дадлага туршлага, хэрэглэгчийн таашаалд нийцсэн дизайн хэрэглэх арга хэлбэр гэх мэт олон хүчин зүйлээс хамаарна. Эдгээр хүчин зүйлүүдийн зөвхөн нэгийг юмуу хэсэгчилсэн, дурьдсан хүчин зүйлүүдийг бүгдийг судалвал иж бүрэн судалгаанд хамаарагдана.
        
 Судалгаа шинжилгээний ажилд тавигдах шаардлага,гүйцэтгэх дэс дараалал

Аливаа судалгаа шинжилгээний  ажил нь тодорхой зорилго төлөвлөгөө үе шаттай явагддаг. Судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэхдээ дараах дэс дараалалыг баримтална. Үүнд:
-Судалгаа шинжилгээний ажлын сэдвийг сонгож зорилго (цель)-оо тогтоох
-Судлах гэж байгаа зүйлийнхээ одоогийн байдлыг судалж зохих дүгнэлт өгсөн байх
-Энэхүү дүгнэлт дээрээ үндэслээд уг объектын хувьд чухам юуг ялган авч судлах гэж байгаа өөрөөр хэлбэл зорилт (задачи)-оо тодорхойлох
-Судалгааны аргчачлал боловсруулах
-Судалгаа явуулах
-Судалгааны үр дүнг боловсруулж  дүн шинжилгээ хийх
-Судалгааны үр дүнгээр дүгнэлт, зөвлөмж  гаргах
-Судалгааны үр дүнг бичлэгийн (курс, дипломын төсөл, тайлан, диссертаци гэх мэт) хэлбэрт юмуу зураг төсөл бусад хэлбэр  оруулах
Судалгаа шинжилгээний ажлын сэдвийг сонгож  зорилгоо тогтоох
Аливаа судалгаа шинжилгээний ажил олон улсын болон өөрийн улс орон, нутаг дэвсгэрийн тухайн хэсэг, үйлдвэрлэлийн өмнө тавигдаж байгаа  аливаа асуудлыг судалж шийдвэрлэх зорилгыг агуулна. Энэхүү зорилгыг ганц удаагийн судалгаагаар шийдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл судалгааны ажлын эцсийн үр дүн буюу  зорилгод хүрэхийн тулд судлаач бүр тодорхой зорилтыг өмнөө тавьж үнэн зөв шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Судалгааны ажлын зорилго нь завсрын юмуу эцсийн үр дүнд хүрэх гэж байж болно.
Судлах гэж байгаа зүйлийнхээ одоогийн байдлыг судалж зохих дүгнэлт өгөх
Судлах гэж байгаа зүйлийнхээ одоогийн байдлыг судлахдаа аль болох бүрэн мэдээлэл авч үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэнэ. Судалгаа шинжилгээний ажил бүхэн урьд өмнө эрдэмтэн, судлаачдаас тухайн чиглэлээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын  үргэлжлэл болж байдаг. Ийм учраас тавьсан зорилгод хүрэхийн тулд тухайн чиглэлийн судалгаа явуулдаг гадаадын ба өөрийн орны эрдэмтдийн  судалгааны ажлын үр дүн,судалж байгаа зүйлийн одоогийн байдлыг нарийн судалж   үнэлэлт дүгнэлт өгнө.
Судалгааны ажлын зорилтоо тодорхойлох 
Судлах гэж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв бүрэн мэдээлэлтэй болж тодорхой дүгнэлт гаргасны үндсэнд судалгааны ажлынхаа зорилтыг тодорхойлно.Энэ нь эцсийн зорилгод хүрэхийн тулд тухайн судлаач чухам ямар зорилтыг шийдвэрлэвэл зохихыг тогтооно гэсэн үг юм.Зорилтоо тогтоосны үр дүнд гаргаж авах бүтээгдэхүүн ,сайжруулах зүйлийнхээ эдийн засгийн үр ашгийн тооцоог ойролцоогоор урьдчилан хийж ажлын хөтөлбөр график төлөвлөгөө боловсруулна.Өмнөх судлаачийн хүрсэн үр дүнд дүгнэлт хийж түүнийг цааш нь үргэлжлүүлэх юмуу өөр орчин,нөхцөлд давтан хийх шаардлагыг тодорхойлоогүйн улмаас судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээр батлагдсан зүйлийг дахин нотлох гэж илүү цаг хөрөнгө ,хүч зарцуулах  өөрөөр хэлбэл сулаачийн өөрийн гэсэн үр дүн хүрдэггүй
Судалгааны аргачлал боловсруулах
Эрдэм шинжилгээний байгууллага их дээд сургуулиуд,үйлдвэрийн газрууд өөрийн тогтсон аргачлалтай байх ба судалгаанд тогтмол хэрэглэгддэг аргачлалууд улсын дотор юмуу олон улсын хэмжээнд стандартчилагдсан байдаг.Хэрэв явуулах судалгаа батлагдсан  тодорхой  аргачлалгүй бол судлаач өөрөө аргачлал боловсруулж түүнийгээ зохих шатны эрдэм шинжилгээний байгууллагаар батлуулна.
 Судалгааны аргачлалд авч үзэж байгаа зүйлийн шинж чанар, судлах шаардлагатай хүчин зүйлүүд, тэдгээрийн дотроос судалгаанд нөлөөлөх тогтмол ба хувьсах хүчин зүйлүүдийн шинж төлөв, хэмжих шалгах багажийн нэг, шинж чанар, ажиглах хэмжих тоог үнэмшилийн тухайн хязгаарыг хангасан байхаар тогтооно.Хэмжилтийн тоог туршилт судалгааны явцад гаргаж болох алдааг тооцсон үнэмшлийн зэрэгтэй уялдуулан тусгай томъёогоор тодорхойлно. Зарим судлаачид объектын мөн чанар,бодит юмуу дундаж утгыг тогтоохоор олон дахин хэмжилт хийдэг бөгөөд энэ нь огт утгагүй зүйл юм. Судалгаагаар гаргаж авсан бодит утга сургалт үйлдвэрлэлийн судалгааны үед 5 хүртэл, эрдэм шинжилгээний ажлын үед 1-2 хүртэл хувийн алдаатай байх нь зөвшөөрөгддөг. Аргачлалд судалгааны үр дүнг боловсруулах аргын тухай заавал оруулна. Судалгааны аргачлалд дээр дурьдсан зүйлүүдтэй холбоотой график хүснэгт, номограмм, тооцооны материал, томъёо, дэс дараалал үр дүнг бололвсруулах арга зүй хавсрагдана.
Судалгаа явуулах
Судалгааны ажлыг бататгагдсан аргачлалын дагуу үнэн зөв явуулж зохих үр дүнг  гаргаж авах нь судлаачийн ажлын хамгийн хариуцлагатай үе байдаг. Судалгааг онол, туршилтын хэлбэрийг хослуулан явуулна. 
Судалгааны ажлыг явуулсанаар шаардагдах төсөөлөл боловсруулж судалгааны объектын загвар байгуулах,нэмэлт тайлбар үндэслэл  бий болгох ,онол туршилтын судалгааны үр дүнг харьцуулах боломжийг бүрдүүлнэ. Туршилт судалгааны явцад объектын онолын загварыг нарийвчлана. Судалгааг явуулахдаа онолын судалгааны үндсэнд лабораторийн ба үйлдвэрлэл хээрийн туршилт хийнэ. Судалгааны ажлын энэ үе шатанд  хэмжилтийн үр дүнг бүртгэх журнал хөтөлж, ашиглаж байгаа багаж төхөөрөмжийн ажиллагааны байдал, нарийвчлалд байнгын анхааралаа хандуулна.

Судалгааны үр дүнг боловсруулж, дүн шинжилгээ хийх
Туршилтын үр дүн нь түүний үнэн мөнийг магадлах боломжийг бүрдүүлнэ. Судалгааны үр дүнг математик статистикийн аргаар боловсруулна. Үүний үр дүнд математик дундаж, сонгож авсан хэсгийн дундаж, ерөнхий дисперс, сонгож авсан хэсгийн дисперс, квадрат дундаж хэлбийлт, дундаж утгын харьцангуй алдаа, туршилтын шаардагдах тоо зэргийг тодорхойлно. Үр дүнг боловсруулах явцад дээрх туршилтын магадлалын зэргээс хамаарч t үзүүлэлтийн утга дараах байдалтай байна.
 Pm=0.95 үед t=1.96 , Pm=0.96 үед t=2.05 , Pm=0.97 үед t=2.17, Pm=0.98 үед t=2.33, Pm=0.99 үед t=2.58 байдаг.
Статистикийн үзүүлэлтүүдээс корреляцийн коэффициент, тархалтын муруй зэрэг судалж буй хэмжээсийн  хоорондох хамаарлыг тогтоон математикийн хамгийн бага квадратын буюу бусад аргаар бодит хамаарлыг харуулсан график зурна. Туршилтын үр дүн хүснэгтэд бичсэн түүврээс гадна  туршилтыг төлөвлөх аргын үед аналитик (регрессийн ба корреляцийн тэгшитгэл) хэлбэртэй  тэгш өнцөгт юмуу логарифм координатын системд  зурагдсан  графикийн хэлбэртэй байж болно. Судалгаагаар гарсан үр дүнг    боловсруулах явцад гаргаж авсан математик загвар тухайн технологи ажиллагааны мөн чанарыг илэрхийлж байгаа эсэхийг математикийн тусгай шалгуураар шалгаж тогтооно. Судалгаагаар гарсан үр дүнг урьд өмнө хийгдсэн юмуу, төсөөтэй судалгааны үр дүн, эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулж дүн шинжилгээ гаргана.
Судалгааны үр дүнгээр дүгнэлт зөвлөмж гаргах
Судалгааны үр дүнг нэгтгэх ,дүгнэлт зөвлөмж гаргах ажиллагаа тодорхой дүрэм, стандартын дагуу  хийгдэнэ.Судалгаа шинжилгээний ажлын энэхүү үе шат нь судалгааны үр дүнд  бодит дүгнэлт гаргах, улмаар түүний үндсэнд малын шинэ үүлдэр, ургамалын шинэ сорт, үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн бий болгох, машин техникийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, технологи ажиллагааг сайжруулахтай холбоотой зөвлөмж боловсруулахад чиглэгдэнэ.
            Эрдэм шинжилгээний ажлын тухай  тайлан
Эрдэм шинжилгээний ажлын тухай  тайлан нь тухайн сэдэвт судалгааны ажлын талаарх эмх цэгцтэй мэдээлэл мөн. ЭША-ын тухай тайланд хамааруулж байгаа материал үнэн зөв, дэс дараалал сайтай, судалгааны үр дүн нь баталгаажсан, хэл найруулга яруу, товч тодорхой, зөвлөмж бүрэн үндэслэлтэй байх шаардлагатай. ЭША-ын тайлан нь нүүр хуудас гүйцэтгэгчийн овог нэр, албан тушаал, эрдмийн зэрэг цол, ажлын тухай товч  танилцуулга (реферат) гарчиг, томъёолсон тэмдгэлгээ, товчилсон үг, хэллэг, нэр томъёо,нэгжийн жагсаалт, ажлын тухай бичлэгээс тогтоно.
Ашигласан ном зүй:
Ч.Авдай. Д.Энхтуяа. "Судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй"  УБ. 2007

No comments:

Post a Comment